Яагаад зарим хүмүүс, орчин тойрныхоо хүмүүст элдэв зүтгэлгүй
таалагдаж байдаг, харин зарим нь хичээгээд ч байр сууриа олоход бэрхшээлтэй
байдаг юм бол? Дараах зүйлүүдийг хүлээн
авч хэрэгжүүлснээр бусадтай хялбар харьцах, бусдад таалагдах, аливаа орчинд
сэтгэл хангалуун байх, эцсийн эцэст аз жаргалтайгаар амьдралыг өнгөрүүлэхэд
тустай байдаг байна.
Наполеон Хилл, “Бод, сэтгэ баяж” гэдэг нэрд гарсан номынхоо нэгэн бүлэгт, хүмүүсийн бүх хүнд таалагддаг нийтлэг зуршил, дадалуудын тухай бичжээ. Энэ сэдвийн хүрээнд, гангийн үйлдвэрлэлийн магнат, тэрбумтан Чарльз Швабын харьцааны зуршил, амьдралын замнал, зарчимуудыг өөртэй нь уулзаж ярилцан, мөн бусад хүмүүсийн, олныг хамруулсан тодорхойлолт дээр үндэслэн жишээ болгон авсан аж. Чарльз Шваб, энгийн нэгэн ажилчинаас, байнгын шагнал урамшилаас гадна, тухайн үеийн сансарын тоо хэмжээнд авч үзэгдэх хэмжээний мөнгө болох, цэвэр 75000 долларын цалинтай удирдлагын аппаратын ажилтан болсон түүхийг харуулсан бөгөөд Швабын босс, Эндрю Карнеги, -“Швабын цалин, хийсэн ажилынх нь төлөө бодогддог харин, зургаан оронтой тоогоор хэмжигдэх бонус шагналууд нь, түүний бусдыг удирдах, ажил хийх сэдэл төрүүлэх, хамруулах гарамгай авъяасны төлөө олгогддог” гэж тодорхойлсон байна. Эдгээр гарамгай авъяаст тооцогддог, хүнд таалагддаг, бусдыг удирдан дагуулдаг амжилтад хөтлөх зан чанар, зуршил дадлуудыг хамтдаа уншиж хэрэгжүүлцгээе.
-Өөдрөг сэтгэлтэй байж түүнийгээ бусдад тарааж байдаг. Их зан, зэрэг дэв, зиндаа тооцсон харьцаа бусдыг сэтгэл зүтгэл гарган ажиллахад хүргэдэггүй, харин өөдрөг зан харьцаа бусдыг амархан байлдан дагуулах увидастай гэнэ.
-Бусадтай, үргэлж найрсаг, эелдэг, хүндлэлтэй харьцах ёстой байдаг. Ийм харьцаатай хүмүүс өөртөө итгэлтэй байдгаас үг яриа нь бодолтой, тайван, сонсоход таатай, бодол төрүүлж байдаг.
-Харилцан ярилцаж буй хүнээ тэвчээртэй сонсож чаддаг байх хэрэгтэй. Даргархуу, сургасан, зааварласан харьцаа бусдын ажиллах хүсэл, сэдлийг төрүүлж чаддаггүй.
-Сэтгэл хөдлөлөө барьж чаддаг байх хэрэгтэй, учир нь эерэг, сөрөг ямар ч сэтгэл хөдлөл бусдад найдваргүй сэтгэгдэл төрүүлдэг байна. Дуугүй тайвнаар өгсөн зөвлөгөө, үг яриа илүү үнэ цэнтэй байдаг.
-Тайван зан. Үг яриа, үйл хөдлөл нэг байсан цагт, хүмүүсийн хүндлэлийг хүлээдэг.
-Нээлттэй, илэн далангүй зан. Аливааг илэрхийлж чаддаггүй, хаалттай хүмүүс олон сайхан санаагаа хэрэгжүүлж чадахгүй алдаж байдаг.
-Ярилцах үедээ, үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй байдаг. Хилл, энэ жишээндээ, америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельтийн сая доллараар үнэлэх хамгийн үнэтэй хөрөнгө бол, түүний, бусадтай ярилцах үеийн гайхалтай сайхан инээмсэглэл байсан юм, энэхүү инээмсэглэл нь бусдыг нээлттэй байлгах, түүний төлөө зүтгэх, үнэнч байлгах, бусдыг байлдан дагуулах юунаас ч хүчтэй зэвсэг нь байлаа гэж бичжээ.
-Бодсон санаснаа тэр болгон илэрхийлдэггүй. Хэдийгээр бодол үнэний хувьтай байсан ч тэр бүр илэрхийлж хүнийг гомдоодоггүй.
-Удаан байдал буюу аливааг хойш нь тавьдаггүй зан. Удаан байх, удаашруулах нь үйл хөдлөлөөс айж буйг илэрхийлдэг. Хангалтгүй үр дүнг дагуулна.
-Өдөр бүр бусдад ямар нэг сайн зүйл хийхийн эрхэмлэдэг. Бусдад хариу нэхээгүй тус хийдэг зан.
-Азгүйтэл эсвэл аливаа зүйл хүссэнээр болоогүй үед хэзээ ч гомдоллож, сэтгэлээр унадаггүй харин үүнээсээ, ашигтай зүйлийг эрж хайж сургамж болгон авдаг. Амжилттай хүмүүс, үүнийг ухаан нэмэх зүйл гэж хүлээн авч амьдралд талархаж байдаг.
-Харилцаж буй хүн бүрээ, энэ дэлхийн хамгийн чухал хүн гэж хүлээн авч ярилцаж, сонсож байдаг.
-Хүнийг чин сэтгэлээсээ, тал засах, долигонох маягаар биш, магтаж урам өгөх чадвартай байдаг. Сайн хийсэн зүйл бүрийг орхигдуулахгүй магтаж байх хэрэгтэй байдаг байна.
-Амжилттай хүмүүс, бусдад таалагдахыг хичээхгүй, мөн худал дүр эсгэдэггүй. Байгаагаараа байхыг эрхэмлэн, өөрийн дутагдал дээр ажиллаж байдаг. Өөрийнх нь дутагдалыг хэлсэн хүний үгийг өөрийгөө өсгөх, хувь хүний өсөлт хөгжилтөд тустай зүйл гэж хүлээн авч, сонсож, зөвлөгөө авдаг чадвартай байдаг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 02, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.