Ямар ч үлгэр домог, цаанаа далд утга санаа агуулж байдаг бөгөөд үүнийг
хүний мөн чанартай харьцуулан тайлбарласан, хүний хайрлууштай хамгийн чухал
зүйлсийг хөндсөн сонирхолтой нэгэн ердийн гэмээр үлгэрийг далд утгынх нь хамт
толилуулъя.
Дөрвөн хатантай нэгэн султан амьдарч байжээ. Тэр өөрийн хамгийн залуу дөрөвдөх хатнаа бусдаас нь илүү хайрлаж, үнэт эдлэлд умбуулан, эрхлүүлж, харин тэр нь хөгжилтэй хөөрхөн зангаараа түүнийг баярлуулдаг байв. Султан мөн үзэсгэлэнтэй сайхан гуравдах хатнаа ч дутуугүй хайрлана. Өөр улс орон руу явахдаа үргэлж түүнийг дагуулан явж гоо үзэсгэлэнг нь гайхуулдаг байв. Гэхдээ, тэр хатнаа хэзээ нэгэн цагт, түүнийг орхин өөр хүнтэй зугтах болов уу, гэж айдаг байжээ. Султан бас, арга ухаантай, сэргэлэн зантай хоёрдох хатнаа ч мөн хайрлана. Тэр хатан нь, ухаантай, тэвчээртэй, ая эв олохдоо сайн учираас түүний итгэлийг татдаг байв. Ямар ч хүнд бэрх нөхцөл, асуудал дээр энэ хатан нь ихээхэн тусалдаг байжээ. Харин, анхны буюу нэгдэх хамгийн ахмад хатан нь, түүнд үнэнчээр зүтгэж, улс орон болоод султаны өмч хөрөнгийг хадгалж хамгаалах, өсгөхийн тулд чадах бүхнээ зориулдаг байж. Энэ бүхнийг нь мэдэх ч, султан түүнийг үл тоон анхаардаггүй байв. Нэг удаа султан өвдөж, эд баялагаар дүүрэн баян тансаг амьдралаа бодож хэвтсэнээ, “Одоо надад дөрвөн хатан байна. Харин үхэхийн цагт ганцаар болох нь” гэж айв. Тэгээд хатдаа дуудан, дөрөвдөх хатнаасаа, -Би чамайг бүхнээс илүү хайрлаж хамаг сайныг зориулж байлаа, одоо үхэх цаг минь болж байна, чи надтай үхэгсдийн ертөнц рүү явах уу? гэж асуухад, -Юу гэж дээ, бүү тийм юм бод, гэчихээд холдон явжээ. Энэ үг нь, түүний зүрхийг хутгаар зүсэх мэт болов. Гомдсон султан гуравдах хатнаасаа, -Би чиний гоо үзэсгэлэнг насан туршдаа биширч хайрлан амьдарсан. Чи надтай үхэгсэдийн ертөц рүү хамт явах уу? гэхэд, -Үгүй. Амьдрал хичнээн сайхан. Би чамайг үхэхээр хүнтэй суухыг хүсч байна, гэжээ. Султан бүр ч гомдож, зүрх нь хүчтэй өвдөв. Ингээд, хоёрдох хатнаасаа, -Би чамайг өөрийн үнэнч зөвлөх туслах хэмээн үргэлж хайрлаж ирсэн, чи надтай үхэгсэдийн ертөнц рүү явах уу? гэсэн асуултаа тавив. Харин хатан, -Би чамд энэ удаад тусалж чадахгүй ээ. Миний чамд туслах зүйл бол чамайг нэр төртэйгээр оршуулах гэж хэлчихээд холдон явав. Үүнийг сонссон султан аянганд ниргүүлэх шиг болов. Энэ үед, -Би чамайг хаашаа ч явсан, үхсэн ч чамтай хамт явна, гэх үгсийг сонсоод, харцаа өргөтөл, түүний төлөө зовж шаналсан, бараг танигдахгүй шахуу болсон нэгдэх хатан нь өмнө нь зогсож байв. Гайхсан султан, өөрийн эрхгүй гэмшингүйгээр –Би чамайг анхаарч халамжилж байх ёстой байж дээ, хэмээн харамсаж ухаарсан харцаар хөөрхий хатнаа шагнасан гэдэг.
Бидэнд, хүн бүрт эдгээр хатдын адил дөрвөн хань байдаг гэнэ.
Дөрөвдөх хатан бол бидний бие. Бид сайхан харагдахын тулд, биедээ өчнөөн цаг хугацаа, халамж хайр, зүтгэл гаргадаг ч, үхэхийн цагт энэ бие маань биднээс салж биднийг орхидог.
Гуравдах хатан бол бидний ажил алба, мөнгө, эд баялаг, нийгэмд эзлэх байр суурь. Эдгээр нь биднийг үхэхэд, өрөөл бусад руу шилждэг.
Хоёрдох хатан бол бидний гэр бүл, төрөл садан ойр дотныхон. Тэд бидэнд тусалж халамжлах ч, үхэхийн цагт тэдний хийж чадах зүйл нь оршуулах л байдаг.
Нэгдэх хатан бол бидний аз завшаан, эрх мэдэл, эд баялаг, сэтгэл ханамжийн төлөөх хөөцөлдөөн дунд бараг анзаарагдаггүй байнгын үгүйсгэл дотор байдаг сэтгэл, сэтгэл зүрх маань гэнэ. Бидний сэтгэл биднийг хэзээ ч орхихгүй, огт гомдохгүй насан турш хаана ч хамт байдаг ганцхан зүйл бөгөөд энэхүү зүйлдээ анхааралтай хандаж, хайрлаж хамгаалан, өсгөж хөгжүүлэх, хожим нь харамсахгүй хайраар дүүргэх нь, өөртөө болон хорвоо ертөнцөд өгөх хамгийн том бэлэг болдог ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 27, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.