Таныг, энэхүү далд ухамсрын сонсголыг мэддэг
гэвэл лавтайяа гайхан хүлээж авна. Тэгвэл, жишээ авъя: Таныг үдэшлэг дээр байна
гэж бодъё. Та энэ үед, хүнтэй ярилцаж, түүнийг сонсож байх боловч чимээ
шуугиантай тэр орчинд, хэн нэгэн хүн, өрөөний нөгөө өнцөгт таны нэр, ойр дотны
чинь хүний нэр, эсвэл тантай холбоотой яриа хөөрөө өрнүүлэх үед, “Сонин юм, миний
тухай юу ярьж байгаа юм бол” гэж шууд мэдэрч анхаардаг үе байдаг. Үүнийг, хоёр
төрлийн, нэгдэх ба хоёрдох сонсгол байдаг гэж шинжлэх ухааны туршилтаар
нотолсон бөгөөд хаана ч, хэзээд хоёрдох сонсгол тань ажиллаж байдгийг дээрхи жишээ
харуулдаг.
Нэгдэх сонсгол нь шууд чихээрээ сонсох, харин хоёрдох сонсгол нь ухамсар маань биднийг анхаарахад хүргэдэг мэдээлэл гэж үзжээ. Та юуг ч анхаараагүй байсан, таны сонсголын ухаалаг систем, өрөөндөх яриа хөөрөөг шүүж байдаг бөгөөд тантай холбоотой үг яриа гармагц, шууд тухайн мэдээллийг таны анхааралд хүргэх тархины хэсгийг ажиллуулж эхэлдэг аж. Үүнийг олон тооны гипнозын туршилтаар баталсан байдаг. Мөн хүн, унтаж зүүдэлж байхдаа хүртэл үг яриа чимээг хүлээж авч байдаг нь нотлогдоод байгаа юм. Энэ бүгд хүүхэдтэй ямар холбоотой юм гэж бодож байна уу? Бид, хүүхдүүдээ сонсохгүй байгаа гэж бодон хүүхдийнхээ тухай үргэлж ярьж байдаг. Гэтэл хүүхдийн сонсгол маш сайн байдаг бөгөөд чихрийн цаас задлах чимээг 50 метрийн зайнаас сонсдог гэнэ. Түүнээс гадна, хэлд ороогүй байхдаа ч, хэлд орохоосоо хэдэн сарын өмнө ч бидний үг яриаг нэг бүрчлэн сонсож, санаандаа үлдээж байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ бага байна, юу ч ойлгохгүй, юу ч мэдэхгүй гэж хүлээж аван дэргэд нь хэрүүл маргаан хийх, сэтгэл санаагаар унах зэрэг байдал үзүүлэх нь хүүхдийн сэтгэхүйд маш хүнд тусдаг бөгөөд хүүхдүүд бүх зүйлийг, бүх зүйлийн тухай мэддэг боловч өрөвдсөндөө, нөлөөлж чадахгүйдээ, илэрхийлж чаддаггүй, учраа олохгүй зовж байдаг. Үүнийгээ шууд бусаар, орондоо шээх, үеийнхэндээ таагүй хандах зэргээр илэрхийлэх нь ч бий. Тиймээс, хүүхдийнхээ тухай ярихдаа маш бодолтой байх, хэлж ярьсан үг бүр тань, хүүхдийн ухамсарт шууд нөлөөлдөг болохыг мэдэж авах хэрэгтэй ба энэхүү далд ухамсарын сонсголыг хүүхдийнхээ хүмүүжилд үр дүнтэй ашиглаж болдог. Хүүхдийнхээ ойролцоо, хүүхдийнхээ чухам ямар зан чанарт дуртай болон үнэлдэг тухайгаа хэн нэгэнд сайхнаар ярьж болох юм. Мөн, хүүхдүүд магтаалаас ичдэг болчихдог тодорхой насанд, энэхүү шууд бус магтаалын аргыг хэрэглэх нь илүү сайн үр дүнтэй.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 29, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.