Та, тэнгэр дээр нэгэн бүтээлч
хамт олон, хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх гээд цаг наргүй ажиллаж байдаг
бол ямар байх бол гээд бодоод үзээрэй.
Нэгдэх өдрийн өглөө,9 цагт шуурхай хуралдаж, хэлтсийн дарга Дэлхийгээс ирсэн хүмүүсийн хүслийг чангаар уншиж өгч, хамаарах албадуудын ажилтанууд, дэвтэртээ тэмдэглэн авах аж. Хэн нэгэн зохиолч болох, нөгөөдүүл нь, тогооч, зураач, багш эмч болохыг мөрөөдөж байна. Дарга, хүсэл мөрөөдлүүдийг уншаад, урам зоригтойгоор, -“За, залуусаа ажиллаад байж дээ. Бид чинь мэргэжлийн гаргуун сайн баг шүү дээ, үзүүлээд өгье” гэлээ. Ингээд ажилтнууд, нэгэн зураач болох мөрөөдөлтэй хүний, хүсэл мөрөөдлийг биелүүлэх “Икс” төслийнхөө ажлын дагуу янз бүрийн үйл явдал, тохиолдол, уулзалт, үйлдэл, үйл ажиллагаануудыг найруулж, цаг хугацаа, байр байршлаар нь зохион байгуулах зуур, хоорондоо зөвшилцөн түүний мөрөөдлийг биелүүлэх явцад өөр хүний хүсэл саад болох зүйл гаргахгүйн тулд арга хэмжээ авах, хүслийг биелүүлэх санамсаргүй тохиолдлуудыг зохиох зэрэг асар их ажлыг амжуулахаар нойр хоолоо алдан зүтгэх бөгөөд –“үүнийг дуусгаад л амарна даа” гэсэн бодолтой, орд зурхайд нь хүртэл тааруулан төслөө гүйцэтгэцгээв. “Икс” өдөр болж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхээр багаараа зүтгэсэн хүн нь, өглөө гэрээсээ гарахыг харан сууцгаав. Өнөөх хүн гараад явж байгаад түлхүүрээ мартсанаа санаж буцаж гэр рүүгээ яваад, суух байсан автобуснаас хоцрон хараал урсгав. Таксинд суугаад явж байхдаа, өөр мөнгөгүй тул өдрийн хоолны мөнгөө таксинд өгөх болсноо бодож цухалдав. Таксины жолооч, тэнгэрийн багийн төлөвлөгөөний дагуу, сайхан дуу тавив. Дууны дундуур, уран зургийн сургалтад бүртгэнэ гэсэн зар явж, хоёр дахин утасны дугаараа зарлав. Таксины жолооч -“Зураач болох хүмүүсийг дуудаж өгч байна даа. Миний ач охин сайхан зурдаг юм, бүртгүүлнэ ээ. Их авъяаслаг шүү“ гэх үед, өнөөх хүн “би ч гэсэн багадаа гоё зурдагсан” гэж гунигтайгаар бодов. Уг зар дахин дахин явах бөгөөд, тэнгэрийн багийнхан амьсгаа даран, түүнийг харж байтал ашгүй нэг тэмдэглэлийн дэвтрээ гарган утсыг бичиж авав. Багийнхан баярлан, алгаа ташицгааж, баярлалдан хөөрч оргилуун дарс буудуулав. Тэгтэл, өнөөх хүн гэртээ ирээд өдрийнхөө бодлоо эхнэртээ хэлтэл, эхнэр нь –“Юун тэнэг юм бодож явдаг юм? Тэнэг юм уу?” гэсэнд, өнөөх хүн, -“Нээрээ ч тийм юм уу? Өчнөөн удаан зураагүй, дээрээс нь нэг ширхэг бийр ч үгүй байж, авах гээд мөнгө илүү гарахгүй юм даа. Тэгээд ч би яаж тийшээ явах билээ. Хүмүүс доог тохуу хийх биз” гээд энэ бодлоо толгойноосоо авч хаях гээд чадахгүй байлаа. Энэ нь, дахиад л биелээгүй хүслийн дохио болон тэнгэрт илгээгдэх аж. Тэнгэрийн багийнхан, энэ үед, нэгэн зэрэг, -“яагаад? Яаж байгаа юм бэ? юу болоод байна аа? Алдартай зураач болох байсан шүү дээ” гэцгээн ам амандаа шогширцгоон, зарим нь уурласандаа ширээн дээрээс цаас, бичиг баримтаа хүртэл авч шидэн, “даан ч дээ, ингэж ажиллахгүй”, “ийм хүмүүсийн хүслийг хэзээ ч биелүүлэхгүй”, “хүслийг нь биелүүлэх хүмүүсээ сонгодог, шалгаруулдаг хэлтэстэй болохгүй бол ажиллахгүй” гэцгээх бөгөөд энэ үед, дарга нь орж ирээд, -“та нар муу ажилласан тул амралт, шагналт цалинг чинь хаслаа” гэснийг нь яана. Хүмүүс ээ! Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, ертөнц, тэнгэрийн багийнханыг зовоохгүй байвал яасан юм? Бидний хүсэл, үйл хөдлөл хоёр зөрөөд байдгийн бурууг зөвхөн өөрөөсөө хайх хэрэгтэй юм байна. Тийм үү?
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 28, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.