“Нас явчихлаа, оройтчихсон, насандаа байя” гэсэн бодол тээж, өөрийгөө дорд
үзэхээ болих хэрэгтэй. Иймэрхүү үгнүүд гэр орон ажил төрөл дээр, хаа сайгүй энд
тэндгүй сонсогдох юм. Хамгийн гол нь дандаа эмэгтэйчүүд ийнхүү ярихыг нь яана.
Эрэгтэйчүүд ийн ярих барагтай сонсогдохгүй. “Сурах нас өнгөрчихсөөн” гэж 35
настай бүсгүй ярих, “Юун хайр дурлал, зуугийн тал насалж байна” гэж аятайхан
эмэгтэй өөрийгөө хорьчихсон байх, мөн өөр нэгэн “Би өөрөөсөө 6 дүү залуутай
уулздаг. Хүмүүс юу гэх бол гэж ичээд байх юм” гэж зовинон ярих, “Богино хувцас
өмсөж болохгүй юм даа. Насанд минь тохирохгүй” гэхчилэн хөвөрнө. Нас гэж ер нь
юу юм бэ? Хүмүүс үүнд, зарим нь “Аливаад
оройтсон”, залуу насныхан “Аливаад эрт”, өөр нэг хэсэгхэн хүмүүсийн нас нууц,
эртэдсэн оройтсон гэдгийг тодорхойлохын аргагүй далд гэсэн гурван янзаар
ханддаг байна. Энэ нь аливаа зүйлд цаг оноож тухайн зүйлийг цаг тухайд нь хийх
ёстой гэсэн өрөвдөлтэй үзэл бодол нийгэмд зонхилж буйтай холбоотой юм.
Хүн амьд байхад бүхий мэдрэхүй мэдрэмж амьд байдаг. Яагаад 50 насанд хайрын мэдрэмж үхэх ёстой гэж? Мэдрэхүй мэдрэмж төрсний гэрчилгээ шалгадаггүй юм. Хэн нэгэн 18 насандаа, хөл нь бүдүүн санагдаж богино хувцас өмсдөггүй байснаа 40 гараад гоолиг сайхан хөлтэй болсноо анзаарч богино хувцас өмсөж болно шүү дээ. Хижээл эрчүүд, өөрөөсөө олон дүү бүсгүйчүүдтэй гэрлэж, бараг бахархал болж байдаг, гэтэл эмэггтэйчүүд энэ тохиолдолд ад шоо болно. Биеэ сайхан авч явдаг, бие хаагаа сайхнаар нь авч үлдэж чадсан 20-30 насныхантай эн зэрэгцэхүйц дур булаам дүр төрхтэй нас нь хэвийж буй эмэгтэйчүүд, үеийнхээ эсвэл өөрөөсөө ах өвгөчүүлд л оногдох ёстой гэж үү. Голын эрэг дээр задгай усны хувцастай эмэгтэйчүүдийг эр эмгүй сонжин, харин гэдсээ унжуулсан богино өмднөөс өөр хувцасгүй эрчүүдийг тохуурхаж хандахгүй. Арга ч үгүй юм даа, Эмэгтэйчүүд бол гоо үзэсгэлэнгийн билэгдэл юм. Амьдрал бол маш богинохон бөгөөд олон зүйлийг амжуулж бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй болдог. Нийгэм эмэгтэйчүүд биднээс, боловсролтой, арчаатай, ажил төрөлтэй, спортлог, гэр орны төгс эзэгтэй, хүүхдийнхээ сайн эх, эр нөхөртөө халамжтай эхнэр, гайхалтай тогооч, огт ядардаггүй, язарч сунасан арьсгүй, толигор нүүр, цагаан шүд, намирсан үс, зохисон хувцастай байхыг хүсч байна. Энэ бүхэн нь мөн тухайн тухайн цаг хугацаанд тохирох ёстой гэдэг нь хамгийн инээдтэй... Харин, хэзээ ямар байхыгаа зөвхөн өөрсдөө шийдэх хэрэгтэй бус уу? Тиймээс, хайрт эмэгтэйчүүд минь, “оройтсон” гэсэн үгнээс салвал, хэзээ ч, хэдэн насандаа ч төрж, дурлаж, богино хувцас өмсөж, нөхөрт гарч, гадаад хэл судалж, сурч боловсорч, шүхрээр үсэрч, дуртай зүйлээ эрхэлж, сайн санааны элч болох боломж бий. Ганцхан та л, өөрийн хүсэл, эрч хүчээ мэднэ. Таны “хүсч байна”, “чадна” гэсэн бодол дээр амьдрал тань тулгуурладаг. Тиймээс өөрөөрөө байж, танд хандсан “оройтсон” гэсэн утгатай үсгийг хэлэх эсвэл сануулах оролдлогуудад “фак” харуулж ханд.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 07, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.