Таны Бурхан ямар вэ?
Таныг хайрладаг сайн Бурхан уу? Эсвэл таныг шийтгэж байдаг муу Бурхан уу?
Биднийг бага байхаас маань Бурханд итгэхэд сургаж, Бурхан бол энэ дэлхий дээрх
хамгийн хүчтэй зүйл, биднийг хаана ч харж байдаг, буян нүглийг маань дэнсэлж,
там диваажингийн аль нэг рүү явуулдаг гэж ойлгуулж ирсэн. Муу зүйл хийхээсээ
Бурханаас айдаг маань сайн хэрэг. Бурханы сургаалийг чадан ядан мөрдөхийг
хичээдэг маань ч мөн сайн хэрэг. Бид ер нь, Бурханы талаар юу мэдэх вэ? Бид, хүнд бэрх зүйл тохиолдоход, дээшээ харан “Бурхан
минь, та юуны төлөө ингэнэ вэ?” гэж харуусан гомдоллож, мөн олон хүмүүс, Бурханы өгсөн тавиланг яалтай билээ гэсэн
дорой бодолтой, амьдралын зовлон бэрхшээлд
сөгдсөн амьдарлаар амьдарч байдаг, түүнчилэн, нүгэлт нэгэн сайхан амьдарч,
яагаад Бурхан түүнийг шийтгэдэггүй юм бол? гэж гайхширсан бодол эргэлзээ тээн,
мухар сүсгийн хэмжээнд шүтэж амьдарцгаадаг бус уу? Бурханыг, тэнгэрт, үүлнээс
дээгүүр оршиж, буян нүглийг маань бүртгэж, там диваажин руу илгээж суудаг гэж боддоггүй
байх гэж найдая. Бурхан бол энерги, бүхнийг бүтээгч энерги, дэлхий дээрх
хамгийн гэгээлэг цагаан хүч, хязгааргүй хайр, бидний эрч хүч, урам зориг, үйл
хөдлөлийг дэмжигч, шагнагч, бусдыг хайрлах хайрын маань хэмжээгээр халамжлагч, зөвхөн дотоод ертөнцийн маань сайн
сайхнаар дамжин үйлчилдэг ивээгч ажээ. Бурхантай
ярилцаж болдогсон бол, бидний бодож явдаг хариултыг нь мэдэхгүй нийтлэг
асуултуудад маань ийнхүү хариулах байсан гэнэ.
-Бурхан минь, би таныг бишрэн шүтэж, залбирч явдаг ч амьдрал маань асуудлуудаар дүүрэн?
-Хүү минь, би чамд туслахыг хүсдэг. Гэсэн ч чи, тусламж хүртэх замаа өөрөө хаачих юм. Чи тэнгэрээс мөнгө, сайн сайхан зүйл бороо шиг асгараад ирнэ гэж боддоггүй биз дээ. Харин чиний хийж буй үйлдэл үйл хөдлөл, чин хүсэл, үг яриа, бодол санаа, урам зоригоор чинь л би дамжуулан тусалж чадна. Тэдгээр чинь ямар агуулгатай байна, тийм л зүйлийг би өгдөг.
-Сайн залбир, бүх зүйл бүтнэ гэх юм?
-Хүү минь, үүнийг би хэлээгүй, хүмүүс зохиосон. Би хүс, сэтгэ, эрмэлз, зүтгэ, хөдөл, хөдөлсөн гар бүрийг чинь ивээнэ гэж хэлсэн. Хайрла, тусал, хариуд нь аз жаргалыг өгнө. Тэр нь зөвхөн сайхан сэтгэлээр чинь дамжиж ирнэ шүү гэдгийг л тунхагладаг. Мөн би, чиний сэтгэл, үйл хөдлөлийн агуулга. Тиймээс би, сайн ч байж чадна муу ч байж чадна. Түүнийг чи өөрөө сонгоно. Чи, атаа жөтөө, шунал, уур хилэн, гомдол, цөхрөл, залхуурал, үгүйсгэлээр сэтгэлээ дүүргэвэл, би чамд зөвхөн ядуурал үгүйрлийг өгөгч Бурхан болно. Харин, баяр баясгалан, инээд хөөртэй, хайр энэрэл, халамж тусын сэтгэлтэй байвал, би чамд зөвхөн аз жаргал, амжилтыг бэлэглэгч Бурхан байх юм.
-Нүгэлтэй муу хүмүүс сайн амьдрах юм. Та яагаад шийтгэдэггүй юм?
-Би хэлсэн, зүрх зориг, зүтгэл, чин хүслийг үнэлдэг гэж. Тэрхүү муу гэх хүмүүс өөрсдийнхөө хүрээлэл дэх өөрийн гэсэн бүх зүйлээ хүчтэй хайрладаг, сайн муу үйлийг ялгахгүйгээс биш, чин эрмэлзэл, зүтгэлтэй байдаг. Та нарын дарга гэж нэрлэдэг хүн, зүтгэлтэй ажилчиныхаа алдааг өршөөн, халахгүй ажиллуулсаар байдагтай адил би ивээл өгөх нь бий. Гэвч, тэд сав нь дүүрэхээр, аймшигт төлөөсөө хүртэх болно. Үр удмаа мөхөөх гэсгээл хүртдэг.
-Таныг яаж шүтэх вэ?
-Намайг шүтье гэвэл, төрөхөөс чинь өмнө чамд зүрх сэтгэлд чинь суулгасан хайрыг түгээж, махан биед чинь өгсөн эрч хүчийг амьдралдаа бүрэн ашигла. Хайр бол чиний бусдыг ойлгох сэтгэл, халамж, үйлчилэл юм. Харин эрч хүч чинь эрмэлзлэлийн чинь дагуу үйл хөдлөл болон амьдарлыг чинь тэтгэнэ. Сүм хийд, тахил шүтээний хэмжээнд шүтэхийг чинь би үгүйсгэхгүй. Энэ нь, чи өөртөө болон бусдад хийж буй сэтгэлийн өргөл, үйлчилэл чинь гэдгийг би мэднэ.
-Та хаана байдаг вэ?
-Чи намайг хаана байна гэж бодно, би тэнд чинь байдаг, зүрхэн дэх хайрын чинь хэмжээ, сэтгэл дэх бодлын чинь агуулгаар шагнаж ч чадах, эсвэл шийтгэж ч чадах чиний агуу хүчит Бурхан гэдгийг минь ойлго.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 07, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.