Хүн амжилттай, аз жаргалтай амьдрах үед, тал зассан олон
хүмүүс хүрээлэхийн зэрэгцээ, атаа жөтөө өвөрлөсөн дайсантай болж байх нь ч бий.
Эдгээр хүмүүс хамт олон, найз нөхөд, танил тал, бүр хамаатан садны дунд ч байх
нь анзаарагддаг. Ийм тохиолдолд, эдгээр хүмүүсийг өршөөж уучлахаас өөр арга
байдаггүй бөгөөд тэдний сэтгэлийн атаа, өшөө хорсолд адил хариу барихыг оролдох
ч хэрэггүй байдаг байна. Учир нь, муу санаа, дайсагнал үргэлж өөртөө унах нүх
ухаж, түнэр харанхуй зовлон руу замаа тавьж байдаг, мөн өөрсдийн үйлдлээр атаархсан
хүндээ ашиг тус ч өгч болдог талаар нэгэн сургаалт өгүүллийг хүргэе.
Нэгэн эртний хаант улсад, гэмт хэрэгтнүүдийн цаазын ялыг гүйцэтгэх үедээ, хувь заяа тэнгэрийн бошигт хэт итгэдгээс, цаазлуулах хүмүүсээр уутан дотор хийсэн “амьдрал”, “үхэл” гэсэн үг бичээстэй цаас сугалуулан хувь заяаг нь азанд нь даатгадаг байжээ. Үүнийгээ шүүгчид нь, тэнгэрээс нэмэлт шийдвэр ирдэг гэж тооцдог байв. Энэ үед, нэгэн хүний шинээр эхэлсэн ажил төрөл нь амжилттай болж, аз жаргалтай амьдран, үүнтэй зэрэгцэн атаа жөтөөтэй олон дайснуудтай болсноо анзаарах ч үгүй байдаг байжээ. Тэдгээр муу хүмүүс атаархсандаа, түүнийг янз бүрээр нийлж гүтгэсээр цаазлуулах болон баярлалджээ. Тэд, бас уутан дотроос “амьдрал” сугалж аврагдах нөхцөлийг нь ч хаахаар хуйвалдаж, уутан дотроос “амьдрал” гэсэн бичгийг нь авч, оронд нь “үхэл” гэсэн бичиг хийн цаазлуулахыг нь гарцаагүй болгов. Үүнийг мэдсэн нэгэн сайн санаатан, шоронд түүн дээр орж хэлэхэд, өнөөх хүн ихээр баярлаж энэ талаар хэнд ч хэлэхгүй байхыг гуйжээ. Тэрхүү сайн хүн гайхаж, цаазлуулахаас болж мэдрэл нь муудчихаж гэж бодоод явав. Маргааш нь, өнөөх хүн цаазлуулахаас аврагдаж суллагдсан бөгөөд уутанд байсан хоёр “үхэл” гэсэн бичиг байхад яагаад аврагдсаны учрыг олоогүй дайснууд нь зугтсан гэнэ. Харин өнөөх хүн, шүүгчийн өмнө уутнаас бичиг сугалж аваад, шууд идчихсэн бөгөөд үлдсэн бичгийг шүүгч гаргаж ирэхэд “үхэл” гэсэн бичиг байсан тул, “амьдрал”-г сугалжээ гэж тооцон суллан тавьсан аж. Ийнхүү муу санаатнууд, хэдийгээр гарцаагүй үхлийг түүнд бэлдсэн ч, өөрсдийн үйлдлээр түүнийг аврагдахад хүргэсэн нэгэн жишээ энэ буюу.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 02, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.