Бидний бодол, сэтгэл хөдлөл, үг яриа, үйл
хөдлөл, ер нь хийж буй ярьж буй бүх зүйлс өдөр бүр, үргэлж түүнд илгээгдсэн,
түүнээс хариу үйлчилэл үзүүлж байдаг материйн нарийн төгс ертөнц байдгийг бид
огт мэддэггүй. Энэ нууцлаг хуулийн өмнө юу ч далд байж чаддаггүй бөгөөд юуг ч
нуух аргагүй юм.
Хүмүүс ихэвчилэн зорилго хүслээ ухамсартайгаар илгээдэг ч, тухайн хүсэл зорилгод нь саад болох үйлдэл, үг яриа нь хамт илгээгдэж байдаг талаар мөн мэддэггүй бөгөөд харилцан солилцооны хууль нь, хэрэв ямар нэг сайн зүйлсийг амьдралаас авч байгаа бол хариу төлөх ёстой гэсэн зарчимаар үйлчилж, сайхан сэтгэл, сайн үйлс, буян, өргөл, хайр, эерэг харьцаагаар, ертөнцөөс авсан сайн зүйлсээ хариулах хэрэгтэйг заадаг байна. Мөн энэ хуультай, сайн зүйл сайныг татна, муу зүйл мууг л татна гэсэн ертөнцийн таталцлын хууль үйлчилж байдаг бөгөөд гомдол, атаа жөтөө, худал хуурмаг, нарийн харамч байдал, залхуурал, уур хилэнт байдлууд мөн энэ л зүйлсээ хэд дахин ихэсгэн амьдралд татдаг аж. Орчин тойрныхондоо шударга бус ханддаг бол, хорвоо ертөнцөөс эерэг сайныг хүлээх боломжгүй, “юу тарьна түүнийгээ л хураана” гэдэг бөгөөд өрөөл бусдад гаргасан сөрөг үйлдлүүд зөвхөн өвчин зовлонг татдаг ба бусдад хийсэн муу бүхэн заавал эргэн ирдэг байна. Та хэдийгээр сөрөг муу зүйл хийдэггүй ч, амьдралдаа сэтгэл дундуур явдаг, сэтгэл ханадаггүй бол энэ амьдрал тань танаас мөн салдаггүй. Харин ертөнцийн эдгээр хуулиудыг мөрдөн амьдрахын тулд хамгийн гол нь өөдрөг байж бүхэнд эерэгээр хандах ёстой байдаг. Та, хүмүүст эерэг хандаж чадаж байна уу? Өөдрөг сэтгэл төрүүлж, дэмжиж тусалдаг уу? Зөрөн өнгөрөх үл таних хүмүүст инээмсэглэл бэлэглэдэг үү? Хүмүүст урмын үгс хайрладаг уу? Хэн нэгэнд орцны хаалга онгойлгож өгөөд хүндэтгэх үйлдэл хийдэг үү? Жижиг ч бай хэн нэгний тусламжид талархал илэрхийлэхээ мартдаггүй биз? Асрамжийн газар, буяны байгууллагад хандив тусламж үзүүлдэг үү? Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах аянд тусламжийн гараа сунгаж байсан уу? Хэрэв үгүй бол, одооноос эхлэн чин сэтгэлээсээ тус дэм хийж эхэл. Халуун дулаан сэтгэл, тусламж үзүүлснээр сэтгэлийн ханамж авдаг болохыг мэдэр. Найз нөхдөө мартаагүй биз? Тэд нар тань хаана ямаршуухан амьдарч явааг мэддэг үү? Хуучин сайхан үерхэлээ санан дурсаж тэдэнтэйгээ холбоо тогтоо. Ойрд, ойр дотныхондоо хайртай байдгаа харуулж, тэдэндээ хэлж мэдрүүлэхгүй удчихсан биш биз? Таны бусдад өгсөн сайхан сэтгэл, өөдрөг санаа хэдэн арав дахин үржигдэн эргэж ирдэгийг дахин санаарай. Бүхий л эерэг санаа бодол, үйлдэл таны дархлааг өсгөж, эрүүл мэндийг тань хамгаалдаг. Энэ бол эхний шагнал. Эерэг, өөдрөг байж ертөнцөөс өгөх хэмжээлшгүй олон шагналуудыг амьдралдаа авч, аз жаргалаар дүүрэн амьдрах боломжийг олгодог ертөнцийн хуулиудыг мөрдөхийг хичээгээрэй...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 21, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.