Чухаг гурван эрдэнэд /багш, бурхан, ном/ сунаж мөргөхдөө их нигүүлсэхүйн
сэтгэлийг өөртөө төрүүлж үл хүндэтгэсэн байдал гаргахгүйгээр чин сүжигтэйгээр
бурхан багшийн ариун лагшин зарлиг таалалд бишрэн эх болсон хамаг амьтны тусын
тулд сунаж мөргөдөг. Мөргөхдөө духаа газарт хүрсэн даруйдаа түргэн босох
хэрэгтэй. Энэ нь төрөх, өвдөх, хөгшрөх, үхэхийн сансрын зовлонт хүрднээс хамаг амьтныг үтэр түргэн
гэгээрэлд хүргэхийн тулд мөн аливаа урьд урьдын төрөлдөө хураасан хилэнц нүглээ
арилгаж дахиж бие, хэл, сэтгэлээр амьтанд хор хөнөөл хүргэхгүй гэж үнэн
сэтгэлээсээ мөргөх ёстой аж.
Мөргөөд удаан хэвтвэл могой тэргүүтэн хэвэл, хэвлээр явагчдын муу төрөл олох.
Гарын сарвууг атгасан чигээрээ мөргөвөл адуу, үхэр тэргүүтэн туурай, туруут адгуусны төрөл олох.
Гарын сарвууг хооронд нь салгаж мөргөвөл галуу тахиа тэргүүтэн сарвуутны төрөл олох тул гарын алгыг нийлүүлж бүтэн алгаараа газарт хүргэж мөргөнө.
Тахилгатай уул овоо, ус тэнгэрт мөргөдөггүй. Энэ нь, уул, ус, орон хангай, дэлхий, тэнгэрийг дорд үзэж буйд биш, харин гэгээрсэн оюунт бурханд мөргөх нь зүйтэй гэдгийг заах бөгөөд ашдын авралгүй тэнгэр лусад мөргөх ёсон үгүй гэсэн утгатай.
Бурхан, суваргад сунаж мөргөсний ач тус нь хэмжээлшгүй бөгөөд бие хэл, сэтгэлээр үйлдэх омог бардам зан, мөн бусдыг дорд үзэх үзлээс хагацана. Судрын ёсны номонд мөргөл үйлдэхүйн ач тус, эрдмийг дараах байдлаар өгүүлжээ.
1. Дараа дараах хойд төрөлдөө эрхтэн гишүүн нь бүрэн төгс үзэсгэлэнт хүний биеийг олох болно.
2. Цаг ямагт тус дэм болох нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болно.
3. Ирэх төрлүүддээ цэвэр ариун ёс суртахуунтай болно.
4. Сүсэг бишрэлтэй амьдрах болно.
5. Бусдын төлөө өөрийн амь, биеийг үл хайрлан хамаг амьтныг удирдах зүрх зоригтой болно.
6. Тэнгэр хүмүүний сайн төрлийг олох болно.
7. Шашин номын дээд мөрд орох болно.
8. Бурханы хутгийг олж төгс гэгээрэлд (дээд оюунлаг ухамсарт) хүрэх болно.Мөргөлийн тарни:
Ум наму манзу шри еэ
Наму сү шри еэ
Наму үддам шри еэ суухай.
Энэхүү тарнийг нэг удаа урин уншиж мөргөвөөс нэг мөргөл нь мянга болон үржиж, энэ насандаа хэл яриа эмх цэгцтэй болж, хол ойрын аян замын барцад саад арилж, хэл ам хэрүүл тэмцэлд үл өртөж, өвчин хорлолд үл нэрвэгдэж, сэтгэл санаа үргэлжид амар амгалантай дараах төрөлдөө сайн хүний төрлийг олох тэргүүтнээр тус эрдэм нь хязгааргүй гэж зарлигджээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 25, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.