Хүн, өөрийгөө сонсох, өөрийн мэдрэмжээ дагах, амьдрал, аз жаргалаа олж
авахад, зоримог үйлдэл, өөрчлөлтөөс айхгүй байх чанар, сонголт, шийдвэр чухал
байдгийг Куприны нэгэн өгүүллэгт харуулсан байдаг. Уг өгүүллэг, хаант оросын
үеийн нэгэн хатагтай, зэрлэг бүдүүлэг зантай өөрийн нөхрийн хамт галт тэргэнд
явж буйгаар эхэлдэг. Нөхөр нь түүнд янгархаж, аашилж аяглаж, зандарч загинаж залхаж
ядраад унтаад өгчээ. Энэ хооронд, хатагтай, нэг тасалгаанд явсан залуу офицер хоёрын дунд,
ойр зуурын санаандгүй яриа эхлэв. Хүүхэд насанд, хэрхэн цаг хугацаа зогсох мэт
болж удаашран, мөнхийн мэдрэмжид ордог байснаа, нуугдаж тоглоод, ширээн доогуур
орчихоод, нууцгай сонин мэдрэмжид автан, ертөнцөөс тасран тусгаарлагдаж,
ширээний бүтээлэгний торон хажлага хүртэл онцгой сонин харагдаж имрэн тэмтрэхэд
хүргэдэг байсныг, задгай зуухны галын цог улайсан цогшсоор унтрахыг хараад цээж
нь хачин бачимдах мэт болдог байсан гэхчилэн гэмгүй сайхан бага насны мэдрэмж,
дурсамжуудаа аяархан хүүрнэцгээн, ярьсан бүхэн нь ижил мэдрэмж, мэдрэхүй, сэтгэл
хөдлөл, ойлголтод хөтлөн буйд догдолцгоон, ам булаалдан, бүдүүлэг эрийн хурхиралт,
яраглах чимээн доор, сэрээчихгүйн тулд шивнэн ярилцах аж. Гэтэл нөхөр нь сэрж,
юу ч юм ууртайгаар бувтнаад буруу харан унтаад өгөв. Энэ үед залуу офицерын
буух зогсоолд ирж буйг зарлан, тэр буухаар зэхэх үедээ, зүгээр хамт байхад л хангалттай
жаргалтай, жаргалтайгаар амьдралыг туулах ховорхон боломжийг өгөх, ийм дотно
ойлголцол, сэтгэл амьдралд нь дахиад хэзээ ч, бүр хэзээ ч таарахгүйг ойлгон,
бүсгүйн тээшийг ч авалгүй дагуулан буужээ. Тэд хэдийгээр, огтхон ч тодорхой бус
хорвоогийн амьдрал руу зориглон гишгэсэн ч, харин хамгаас тодорхой эрх чөлөө
рүү алхсан аж. Тэд шийдэж, мөн чаджээ.
Ихэнхи
хүмүүс, өөрт нь ирэх асар том аз жаргалыг шийдвэрлэж чадахгүй алдаж байдаг.
Төрөлх дотно мэдрэмжээ сонсохгүйгээр өнгөрөөж байдаг. Галт тэргэндээ үлдэж,
эсвэл бууж, гар даллан хагацацгааж, алдсан хайр дурлалдаа харамсан уйлж насан
туршдаа гунигладаг гэнэм. Үзээд алдахаас айх айдас, өмч, тээшээс салах айдас,
амьдарлаа өөрчилөхөөс айх айдаст ноёлогдон, хүлэгдэж амьдардаг нь нийтлэг
ойлголт. Харин ижил сэтгэхүй, хэлж ярилцах шаардлагагүй ойлголцол бүхий дотноос
дотно танил сэтгэл амьдралд ганцхан таардаг, бүр таарахгүй байх нь бий бөгөөд
бүгдэд заяадаггүй аж. Бүрэн ойлголцол, мөн зүрхнээс ундрах дотно сэтгэл, оюун
сэтгэхүйн дотносол, нэгдэл бол жинхэнэ үнэн хайр дурлал байдаг. Хайр дурлалын
тухай ойлголт, урсан өнгөрөх амьдралын талаархи уг өгүүллэгээ агуу зохиолч
маань, шийдвэр гаргаж чадахгүй амьдралд төөрсөн хүмүүст сануулахын тулд бичсэн
бизээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Aug 11, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.