Орчин үеийн залуусын нөхөрлөл, бие биенээ хөгжөөх, баярлах цэнгэх, ойр
ойрхон наргих, дарвих, ууж идэн хоосон зүйл ярихаас хэтрэхгүй болж байх шиг. Энэхүү
байдлаа анзаарсан нэг нь, энэхүү
уулзалтуудаас татгалзан холдвол, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх мэт
утга таарахгүй үгээр дарамтлана. Багын найз, цэргийн найз, хамт ажилладаг найз,
замын найз, уушийн газар тааралдсаар дотноссон найз, найзын найз гэх мэтчилэн
хязгааргүй олон найз нөхөд амьдралд таарч байдаг бөгөөд тэд, амьдралд сайнаар,
муугаар нөлөөлж байдаг. Үүнээс улбаатай, “өөд нь татах найз”, “уруу нь татах”
найз гэсэн тодорхойлолт олны дунд явдагийг сонсоогүй хүн үгүй биз ээ. Найз нөхөд
бол гэр бүлээс гадуурхи хамгийн ойр орчин учираас анхааралтай хандах, мөн
сонгож болдог ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй бус уу? Найзлах гэдэг үгийг
сэтгэл санаа, материаллаг байдлын өртөн, үүрэгтэн гэх худал ойлголттой найзууд
ч байна. Иймэрхүү найзууд амьдралд зөвхөн
саад тушаа болохоос хэтрэхгүй. Найз нөхөд бол бие биенийхээ эрх ашигт хүндэтгэлтэй ханддаг, бие биедээ
тустай нэмэртэй, сайн түнш, болвол ажил хэргийн хамтрагч баймаар. Ууж идэхэд
урьдаг, халамцуу үедээ ам нийлдэг, баар цэнгээний газарт гар алдлан угтдаг найз
нөхөд бол таныг, зугаа гаргахад хэрэгтэй хүн мэтээр авч үздэгээс тэрхэн үедээ санагалздаг
хүмүүс гээд хэлчихэд буруутахгүй болов уу. Тиймээс, сайн дураараа, бусдыг
зугаацуулагч “ордны салбадай” болох хэрэгтэй гэж үү? Заавал найзлах хэрэг юун. Буруу
сонголт болон бусдыг юу гэх бол гэсэн
бодлоосоо болж амьдралдаа таагүй зүйл
хийх хэрэггүй. Ах дүүсийг сонгож болдоггүй, харин найз нөхрийг сонгож болдог
гэдгийг дахин сануулья. Зөвхөн сонгогдсон нь л таны найз нөхөд байг. Танил тал,
найз нөхдийн хүрээгээ хичээнгүйлэн сонгосноор та амжилттай амьдрах юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 20, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.